Welcome to Real-Class.blogspot.com

Monday, May 21, 2012

ЧЕЛСИ АВАРГУУДЫН ЛИГИЙН АВАРГА БОЛЛОО!!!

Английн Челси клуб түүхэндээ анх удаагаа Европын хөлбөмбөгийн клубын түвшин дэх хамгийн том тэмцээн Аваргуудын лигийн тэмцээнд түрүүллээ. Тэд шигшээ тоглолтонд Германы Байерн Мюнхен багийг торгуулийн цохилтоор буулгаж аван энэхүү амжилтанд хүрч, Аваргуудын лигт түрүүлсэн 22 дахь баг болж байна.


Тоглолтын эхнээс талбай дээрээ тоглож буй давуу байдлаа ашиглан Байерн Мюнхен клуб санаачлагатай тоглож байлаа. Байерн илүү бөмбөг эзэмшиж, илүү олон боломж үүсгэж байсан ч Челсигийн хамгаалалтыг сэтэлж чадахгүй л байсан юм. Энэ нь ч тоглолтын төгсгөлд бөмбөг эзэмшилтээрээ Байерн 60 хувьтай байж, хаалга руу хийсэн цохилтын тоо /43:9/, хийсэн булангийн цохилтын тоо /20:1/-ноос харагдана. М.Гомез, А.Роббен нар боломжоо ашигласан бол тоглолт аль эрт шийдэгдэх боломжтой байлаа.

Тоглолтын гоолын салхийг Германы шигшээгийн тоглогч Т.Мюллер хагалсан бөгөөд 83 дахь минутанд Ф.Риберигийн дамжуулалтаар мөргөж гоол оруулсан. Байерны фенүүд баяраа тэмдэглэж эхлэн, дасгалжуулагч Ю.Хайнкенс тактикийн сэлгээг оруулаад удаагүй байхад буюу 88 дахь минутанд Д.Дрогба багийнхан энэ тоглолтонд хийсэн цорын ганц булангийн цохилтыг амжилттай ашиглан гоол оруулснаар тоог тэнцүүлж тоглолт нэмэлт цагт үргэлжлэх боллоо. Энэ нь Дрогбагийн 9 цомын тэмцээний шигшээд хийсэн 9 дэх гоол нь байлаа.

Улмаар нэмэлт цаг эхлээд удаагүй байхад Челсигийн баатар Д.Дрогба өөрийн торгуулийн талбайд байнга аюул тарьж байсан Ф.Рибери дээр алдаа гарган шар хуудсаар торгуулж, шүүгч торгуулийн цохилт зааснаар Байерн илүү гарах боломжтой болсон. Гэсэн ч энэ боломжийг Байерны А.Роббен ашиглаж чадсангүй П.Чех бөмбөгийг хамгаалснаар тэдэнд ахин найдвар гарч ирсэн юм.

Нэмэлт цагт 2 баг ахин гоол оруулж чадалгүй торгуулийн цохилтоор шийдэгдэх болсон. Аваргуудын лигийн шигшээд цаг сунгасан 5 тохиолдол бүгд торгуулийн цохилтоор ялагчаа тодруулж байв. Улмаар энэ өрсөлдөөнд талбайдаа тоглож буй Германчууд биш Англичууд давамгайлж цом хүртсэн юм. Хэдийгээр Челсигээс эхний цохилтоо Х.Мата алдсан ч Д.Луйз, Ф.Лампард, Э.Коул болон Д.Дрогба нар гоол оруулан баг нь ялалт байгууллаа. Байернаас Ф.Лам, М.Гомеш болон М.Нойер нар гоол оруулсан ч сэлгээгээр орж ирсэн И.Олич болон хагас шигшээгийн баатар Б.Швайнштейгер нар алдснаар талбайдаа түрүүлсэн анхны баг болох боломжоо ашиглаж чадсангүй.

Аллианз Аренадаа Байерн хожигдсноор сүүлийн 3 жилд 2 дахь удаагаа Аваргуудын лигийн шигшээд ялагдал хүлээлээ. Тэд энэ улиралд Бундеслигад 2-р байрт орж, Цомын тэмцээндээ мөн шигшээд ялагдаад байсан бөгөөд нэг улиралд 3 дахь тэмцээндээ 2-р байрт орж байгаа нь энэ боллоо. Энэ өдөр үнэхээр тэдний өдөр байсангүй.

Челси түүхэндээ анх удаа энэ цомыг хүртэн энэ улирлын 2 дахь цомоо хүртлээ. Түр дасгалжуулагчийн албыг хашиж буй Р.Ди Маттеогийн удирдлаганд тэд ФА цомын тэмцээнд өмнө нь түрүүлээд байсан. Энэ амжилтаараа Челси ирэх жил АВаргуудын лигт өрсөлдөх эрхтэй болж байгаа гэсэн үг. Дүрмийн дагуу лигтээ 4-рт орсон Тоттенхэм Европын лигт тоглох болно.

Челсигийн фенүүддээ баяр хүргэе! Энэ улиралд Челси үнэхээр одтой байлаа. Хэсгээсээ сүүлийн тоглолтонд хожин шалгарч, улмаар Наполиг талбайдаа хийсэн гайхалтай тоглолтынхоо ачаар буулгаж аван, Бенфикагаас илүү байсан ч хожил авч чадан, Барсатай 10 хүнтэй байхдаа тэнцэж улмаар шигшээд шалгарсан. Энэ тоглолтонд ч тэд сэтгэлзүйн гайхалтай тэсвэрийг харуулан, ялахын төлөө эцсийн мөч хүртэл тэмцэснийхээ төлөө ялалт байгууллаа. ЧЕЛСИ 2012 ОНЫ ЕВРОПЫН ХАМГИЙН ШИЛДЭГ БАГ!!!

1 comment: